Sunday, September 25, 2011

Өөрчлөлтийг өөрөөсөө 350

  Өөрчлөлтийг өөрөөсөө 350 дэлхийн арга хэмжээг 9 дүгээр сарын 24-ний өдөр сүхбаатарын талбайд зохион явууллаа. Уг арга хэмжээг Монгол-Германы Гүүр ТББ-ийн дэргэдэх Ногоон давалгаа клуб, Ногоон Хонх ТББ санаачлан БОАЖЯ-ны сарын ажлын хүрээнд зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагааны үеэр уур амьсгалын өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгч, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн хүн бүр байгаль орчинг хайрлан хамгаалах үйлст хувь нэмэр оруулж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг уриалсан юм. Үйл ажиллагааны төгсгөлд уг арга хэмжээг дэмжсэн залуус 350 гэсэн дүрсийг хийж зургаа авуулсан билээ.

     Бидний энэхүү арга хэмжээг дэмжиж ажилласан МБОИЗ, Скаутын холбоо, Зориг сангийн дэргэдэх EFP хөтөлбөрийн залуустаа талархал илэрхийлье.
Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн дуу хоолойгоо нэгтгэсэн, цаашид хамтран ажиллах сонирхолтой бүх хүмүүст амжилт хүсье.

Өөрчлөлтийг өөрөөсөө. Уур амьсгалын эсрэг хамтдаа.

Холбоотой зурагнуудыг үзнэ үү. :-)

 




Monday, August 29, 2011

Завхан аймагт Ногоон давалгаа клубын үйл ажиллагаа зохион байгуулагдаж эхэллээ

Завхан аймагт "Ногоон давалгаа" клубын үйл ажиллагаа идэвхитэй зохион байгуулагдаж эхэллээ. Ногоон давалгаа клубын гишүүн Мөнхтуяа өөрийн санаачлагаар Завхан аймгийн 12 жилийн сургуулийн сурагчдад байгаль экологийн боловсрол олгох, оршин суугаа орон нутгийнхаа байгалийг хайрлах, хамгаалах, хог хаягдал хаяхгүй байхыг уриалж, уур амьсгалын өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, усны хомсдол, цөлжилтийн эсрэг өсвөр үеийн хүүхдүүд  хэрхэн санаачлагатай оролцох талаар сургалтыг хийж эхлээд байна.

Мөнхтуяадаа амжилт хүсье.

Thursday, August 11, 2011

Бидний тухай үйл ажиллагааны товч


Хүүхдийн “Нарлаг” зусланд байгаль орчны талаар хичээл заалаа


“Ногоон давалгаа” клуб нь байгаль экологийн боловсролыг өсвөр үе залуучуудад олгох, байгаль орчны зохисгүй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан дэлхий дахин болон тэр дундаа Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлын талаар өсвөр үеийнхэнд байгаль орчны талаарх үнэн зөв мэдлэг, мэдээллийг хүргэхийг зорьдог билээ. Өсвөр үеийнхний оролцоонд тулгуурлан байгаль орчныг хайрлах, хамгаалах сэдлийг төрүүлэх, өсвөр үеийн хүүхдүүд өөрсдөө санал санаачлага гарган сэтгэн бодож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулж, түүнийг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор 2010 оноос хойш “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа” аяныг өрнүүлэн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Бид  энэ удаагийн зуны сургалтаа хүүхдийн “Нарлаг” зусланд 2011 оны 8 дугаарын 11-ны өдөр өсвөр үеийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох сургалтыг амжилттай зохион байгуулаад ирлээ. Уг сургалтыг гурван сэдвийн хүрээнд зааж, гурван өөр арга барил буюу өртөөчилсөн байдлаар хичээлийг сонирхолтойгоор хүүхдүүдийн оролцоонд тулгуурлан зааж явуулав.
Сургалтанд нийт “Нарлаг” зусланд амарч буй 14-17 насны өсвөр насны 80 гаруй хүүхдүүд гурван бүлэгт хуваагдан өөрсдийн оюун бодол, ур чадвар, авхаалж самбаа, аз золыг уралдуулан идэвхитэй оролцлоо.
Зуны сургалтыг дараах сэдвийн хүрээнд зааж явууллаа.
Үүнд:
·         Уур амьсгалын өөрчлөлт - Б.Энхмөнх
·         Ой, биологийн төрөл зүйл - Г.Уянга, Норовбанзад
·         Усны бохирдол - Б.Энхмарал, Гандолгор нар хичээлийг удирдан зохион байгуулан заав.
Өмнөх жилүүдэд бид Олон Улсын “Найрамдал” төв, Хүүхдийн асран хамгаалах төвийн “Хараацай” зуслангуудад зааж байсан туршлага дээрээ тулгуурлан өртөөчилсөн байдлаар заасан нь үр дүнтэй болж байгаа батлагдлаа.
Хүүхдүүдийн зүгээс устган үгүй болж байгаа гол горхи, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид ямар үр ашигтай зүйлийг хийх хэрэгтэй талаар зөвлөлдөн гэрэл цахилгаан, зурагтаа шаардлагагүй үед унтрааж байх, цаасан тор хэрэглэх, машины хэрэглээгээ багасган унадаг дугуй унах, сүүн гэрэл хэрэглэх, шахмал түлш, аргал түлэх, амаа угаахдаа бага ус хэрэглэж байх, ой модоо хамгаалах, мод тариад түүнийгээ асран хамгаалж, услаж байх, өөрсдийн үр ашиггүй хэрэглээг багасгах гэх мэт амьдралд ойр алхам тутамдаа хэрэгжүүлж болох саналыг гаргаж, өөрсдөө хог хаягдал хаяхгүй байхыг бусаддаа уриаллаа.  Дашрамд дурдахад сургалтын дундуур цайны завсарлага болоход нэг ч хүүхэд хогоо энэ тэнд хаялгүй, бүгд хогийн уутанд хийж байсан нь хүүхдүүдийн ухамсар хэрхэн сайжирсан байгааг илтгэж буй нь тодорхой байна.

Мөн бидний байнгийн хэрэглэдэг ус бохирдвол бидэнд ямар их аюул, мөхөл хүлээж байгааг ойлгон ухамсарлаж өөрсдийн гараар туршилт хийж үзэн усыг ариг гамтай хэрэглэх, түүнийг бохирдуулахгүйн тулд хамгаалах, усруу хог хаяхгүй байхыг ойлгож байгаагаа санал нэгтэй ярилцаж байлаа. Сургалтын үеэр нэг хүүхэд найз нөхөддөө хандан “Ус есөн эрдэнийн тоонд ороогүй ч гэсэн амьдралыг тэтгэгж чадмань-эрдэнэ. Бид усгүйгээр 2 хоног ч байж чадахгүй, бидний ирээдүй алсын Африк тивийн хатаж, харангадаж үхэх гэж буй хүмүүстэй адил биш” тиймээс найзуудаа усыг өөрийн амь нас шигээ хайрлах нь зүйтээ гэсэн үнэн бөгөөд гайхамшигтай уриалгыг гаргаж байсан нь тэнд байсан нөхдийгөө сэргээсэн, ухаарал хайрласан үгийг хэлсэн билээ.
 
Жил бүр “Ногоон давалгаа” клубын залуус зохион байгуулдаг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг” зуны энэ удаагийн сургалт их үр дүнтэй болсон гэдэгт итгэж байна. Сургалтыг танхимын нойр хүрсэн, нозоорсон байдлаар бус хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоон дээр тулгуурлан тэдний санаа бодлыг сонссон, өөрсдөөр нь туршилт хийлгэж, уралдуулан, өрсөлдүүлж байсан тэдэнд их сонирхолтой байсан нь илт харагдаж байв. Бидэнтэй нэгдэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, өсвөр үе, залуучуудыг байгалиа хамгаалахад уриалах, өөрөө идэвх зүтгэл гарган ажиллахаа илтгэн зарим хүүхдүүд бидний эгнээнд нэгдэн орж гишүүн болсон нь сургалтыг зохион байгуулсан бидний хувьд улам их урам зоригийг хайрласан билээ.
Бидний энэхүү үйл ажиллагааг дэмжиж “Монгол-Германы Гүүр” ТББ, Германы техникийн хамтын ажиллагааны “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл“ хөтөлбөрийн хамт олон дэмжин ажиллаа.

Friday, June 10, 2011

Дэлхийн байгаль хамгаалах өдөр

        Дэлхийн байгаль хамгаалах өдөр жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдөр болдог билээ. Энэ өдрийг “Ногоон давалгаа” клуб, “Ногоон хонх” ТББ-ын залуус хамтран Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хангадаг “Туул” голын эрэг дагуу амралт зугаалга, чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа иргэдэд хог хаяхгүй байхыг уриалан “БИ ХОГ ХАЯДАГГҮЙ ХҮН”, “БИ МОД ТАРЬДАГ ХҮН” гэсэн брошур тарааж байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, эрүүл хоггүй орчинд аж төрөх сэдлийг төрүүлэх үүднээс нэг өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
       Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр л хүмүүс  байгаль эх дэлхийгээ ганцхан өдөр хайрлах бус үлдсэн бүх өдрүүдэд мөн хайрлах, хамгаалах, нөөц баялагийг нь зүй зохистой хэрэглэж, ашиглахыг зөвлөсөн бөгөөд голын эрэг, хөвөөг даган хөглөрөх хог хаягдлыг сайн дураараа түүж, бусдад хог хаяхгүй байхыг уриалахыг л энэ өдөр бидний хэсэг залуус зорилгоо болгон ажилласан билээ. Энэхүү ажил маань хүмүүсийг албан шахалтаар хог цэвэрлэх бус хүмүүсийн сэтгэхүйд л хог хаягдлаа хаяхгүй байхыг анхааруулсан өдөр байсан юм.
 
      Энэ өдөр нийт 12 залуус сайн дурын энэхүү ажлыг хийсэн билээ. 











Monday, June 6, 2011

Сургагч багшийн сургалтанд урьж байна

Сайн байна уу эрхэм хүндэт клубын залуусаа? Та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Хичээлийн жил дуусч шалгалтаа амжилттай өгсөн гэдэгт итгэж байна.

Харин Ногоон давалгаа клубын маань ажил зуны амралтаараа амрах зуураа үргэлжлэх гэж байна.
Бидний тогтмол үйл ажиллагааны нэг болох зуны сургалтаа Улаанбаатар хотын ойролцоо байрлах хүүхдийн зуслангуудад байгаль орчны талаарх сургалтыг зохион байгуулах ажлыг  төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байна.

Сургалт дараах чиглэлээр явагдана.
1. Ус
2. Хөрс
3. Уур амьсгалын өөрчлөлт
4. Ой, биологийн төрөл
зүйл гэсэн сэдвийн хүрээнд хичээл заана.
            Энэхүү хичээлийг заах сонирхолтой оюутан залуусыг сургагч багшийн сургалтанд урьж байна. Сургалтанд хамрагдаад өөрийн сонирхож буй чиглэлээр хичээл заах бөгөөд зуны амралтаа үр дүнтэй, байгалийн сайханд амарч, хөгжилтэй, гайхалтай дурсамжтай өнгөрөөх боломж таны өмнө нээлттэй.
Ингэхийн тулд та сургагч багшийн сургалтанд хамрагдахад л хангалттай.
Сургалт:
2010 оны 06-р сарын 10, 06 сарын 13-ны 17 цагаас “Хуримын ордон”-ы хурлын танхимд болно.
1. Усны тухай - Н.Сонинхишиг  /дэд проф, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш/
2. Хөрс – Мөнхцэцэг

06 сарын 13-ны 17 цагаас
1. Уур амьсгалын өөрчлөлт /цөлжилт/ - Ж.Ундармаа /Доктор, дэд проф, ХААИС-ийн экосистемийн судалгааны төвийн эрхлэгч/
2. Ой – С.Саран /Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) "Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл" хөтөлбөрийн мэргэжилтэн/ нар хичээлийг заах болно.

Та сургалтанд суухыг хүсвэл дараах утсаар холбогдож бүртгүүлээрэй.
Утас: 95480504

Email: nogoondavalgaa@yahoo.com www.facebook/greenwaveclub  хаягаар бүртгүүлээрэй.

Saturday, May 7, 2011

Миний НОГООН ИРЭЭДҮЙ, миний гарт!


Хаана: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн,
Хэзээ: 2011 оны 5 сарын 14-нд 09-15 цагийн хооронд
Улаанбаатар хотын агаарын бохирдол, тоосжилт байх ёстой хэмжээнээсээ хэт их байна гэдэг ч Та үүний эсрэг ямар нэгэн зүйл хийж амжсан уу?
Хэрвээ амжаагүй бол хамтдаа МОД тарьцгаая!

Монгол-Германы Гүүр ТББ, түүний дэргэдэх “Ногоон давалгаа” клуб, Галсан Чинаг сан хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн гаргасан  уриалгыг дэмжиж „Германы цэцэрлэгт хүрээлэн“-г байгуулах гэж байгаа бөгөөд энэ цэцэрлэгт хүрээлэнгийн эхлэл болгон 1000 МОД тарих гэж байна.

Энэ өдөр Та зөвхөн  мод тариад зогсохгүй тарьсан модныхоо ирээдүйн халамжлагч нь болж Улаанбаатар хотынхоо ногоон байгууламжийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах боломж Танд нээлттэй байна.

Таны НОГООН ИРЭЭДҮЙ, Таны гарт! Тиймээс эрхэм Та 5-р сарын 14-ний өдөр 09 цагаас Соёлын төв өргөөний өмнө хувин, хүрз, жоотуу, бээлий г.м. мод тарихад шаардагдах ажлын багаж болон Ирээдүйнхээ төлөө гэх ирмүүн их сэтгэлийг өвөртлөн ирээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mdb.mn, 315990 болон 99817995 авч болох бөгөөд  бүртгэлийг info@mdb.mn, nogoondavalgaa@yahoo.com болон 315990 утсаар хийж байна.
Монгол-Германы Гүүр ТББ-ын дэргэдэх “Ногоон давалгаа” клуб