Sunday, November 6, 2011

НОГООН СУВАГ-КИНО ҮДЭШ

Монгол-Германы Гүүр ТББ-ын дэргэдэх Ногоон давалгаа клуб Үе тэнгийн хүүхэд залуустаа хандаж олон төрлийн арга хэмжээ зоион байгуулдаг билээ. Энэ удаад бид Ногоон Суваг-Кино үдшийг  амжилттай зохион байгууллаа.
2011 оны 11-р сарын 1-ний 19 цагт M-Club-ын  M-Cinema-д Ян Артус Бертнардын HOME хэмээх баримтат киног толилуулсан бөгөөд дэлхийн үүсэл гарлын түүх хийгээд хүн байгалийн харилцан хамаарал, байгаль орчны тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөөд зогсохгүй тэдгээрээс гарах арга зам шийдлийг харуулсан энэ гайхамшигт бүтээлийг хамтдаа үзэж сонирхон үзэл бодлоо солилцсон нь энэ арга хэмжээний давуу тал байлаа. Кино өдөрлөгт ХААИС-ийн Др. Проф. Ундармаа багш маань хүрэлцэн ирж Монгол орны хөрсний доройтол, цөлшилт хийгээд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл болон үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
AppleMark
Кино өдөрлөгт 50 гаруй зочид, үзэгчид ирсэн бөгөөд кино өдөрлөгийн үер шугам сүлжээнд гэмтэл гарч тог тасарсан боловч байгаль орчны төлөөх энэхүү арга хэмжээнд ирсэн зочид үзэгчид маань энэ бүхэнд төвөгшөөлгүй эрчим хүч, агааржуулагч хэрэглэхгүй байгалд ээлтэй арга хэмжээ болж байна хэмээн бэлэгшээн хүлээн авсанд талархал илэрхийлье.
Энэ удаагийн кино өдөрлөгийг зохион байгуулахад хамтран ажилласан Монгол Германы Гүүр ТББ, CIM, GIZ байгууллагууд болон Ногоон Хонх ТББ-т “Ногоон давалгаа” Клубын зүгээс талархал илэрхийлье. Кино өдөрлөгөөс олсон орлогыг гэр хорооллын эмзэг бүлгийн хүүхдүүдэд утааны тортогоос хамгаалах зориулалтын маск авч бэлэглэх арга хэмжээнд хандивлах болно.
Оролцогч Та бүхний Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, агаарын бохирдлоос үүссэн хорт утаанд хамгийн их хордож байгаа гэр хороолын хүүхдүүдэд туслах ариун үйлс тань үргэлж өөдрөг байх болтугай!

Монгол-Германы Гүүр ТББ-ын дэргэдэх
НОГООН ДАВАЛГАА КЛУБ

Monday, October 24, 2011

Богино хэмжээний шүлэг болон гар зургийн уралдаан

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨГӨӨР”
богино хэмжээний шүлэг болон гар зургийн уралдаан

Монгол-Германы Гүүр ТББ, Германы олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Залуусын байгаль орчны боловсролыг дэмжих” төслийн хүрээнд тус байгууллагын дэргэдэх “НОГООН ДАВАЛГАА” клуб 16-30 насны хүүхэд залуусын дунд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр” сэдэвт богино хэмжээний шүлгийн болон гар зургийн уралдаан зарлаж байна.

Зорилго:
Залуусын байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн оролцоо болон хамтын ажиллагааг идэвхжүүлснээр олон нийтэд хүрээлэн буй орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг таниулах, байгалийн баялагийн үнэ цэнэ болон түүнийг хэрхэн зөв ашиглах талаар зөв ойлголт төрүүлэх, байгаль орчинд ээлтэй зан үйлийг хэвшүүлэх.
Богино хэмжээний шүлэг бичих болон Гар зургийг зурахдаа дараах сэдвүүдээс сонгож болно: 

1.    Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, түүнийг бууруулах арга замууд
2.    Ой болон ойн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах
3.    Агаар ба хөрсний бохирдол
4.    Усны нөөц түүний хэрэглээ, хомсдол, бохирдол
5.    Цөлжилт буюу газрын доройтол
6.    Байгалийн баялаг буюу түүнийг хэрхэн зөв ашиглах

Бүтээлд тавигдах шаардлага:
•    Авангард урлагийг агуулсан байх
•    Тодорхой мөн тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хөндсөн
•    Бүтээлч шинэ санаа, оновчтой шийдэл, сэдвийн ач холбогдлыг харуулсан
•    Асуудлыг шийдвэрлэх аргыг тодорхойлж тусгасан байх

Гар зураг: А1 хэмжээтэй ватум цаасан дээр зурсан байх
Шүлэг:     16 мөрт багтсан байх, Arial 11 Фонт-р мөр хоорондын зай  1,5  байхаар бичсэн байх

Уралдааны шалгаруулалт:
Бүтээлийг 2011 оны 10-р сарын 24-өөс 2011 оны 11-р сарын 09-ний 18.00 цаг хүртэл хүлээн авч шилдэг 12 гар зураг болон шилдэг 12 шүлгийг шалгаруулж 11-р сарын 19-ний өдөр болох үзэсгэлэнгийн арга хэмжээн дээр үзүүлэх бөгөөд шилдэгийн шилдэг шүлэг нэг, шилдэгийн шилдэг гар зураг тус бүр нэг нэгийг шалгаруулахаас гадна уралдаанд ирүүлсэн шилдэг 12 гар зураг мөн 12 шүлгээр 2012 оны календар гаргах болно.

Шагнал:
Шилдэг гар зураг     /нэг/    200.000 төгрөг
Шилдэг шүлэг        /нэг/    200.000 төгрөг

Бүтээлийг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр” сэдэвт уралдаанд гэж хаяглан иргэний үнэмлэхийн хуулбарын хамт доорхи хаягаар авчрах буюу илгээнэ үү.
Монгол – Германы Гүүр ТББ
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо
Аризона Плаза 62/63
Утас / Факс: 315990
E-Mail: project@mdb.mn

Sunday, September 25, 2011

Өөрчлөлтийг өөрөөсөө 350

  Өөрчлөлтийг өөрөөсөө 350 дэлхийн арга хэмжээг 9 дүгээр сарын 24-ний өдөр сүхбаатарын талбайд зохион явууллаа. Уг арга хэмжээг Монгол-Германы Гүүр ТББ-ийн дэргэдэх Ногоон давалгаа клуб, Ногоон Хонх ТББ санаачлан БОАЖЯ-ны сарын ажлын хүрээнд зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагааны үеэр уур амьсгалын өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгч, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн хүн бүр байгаль орчинг хайрлан хамгаалах үйлст хувь нэмэр оруулж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг уриалсан юм. Үйл ажиллагааны төгсгөлд уг арга хэмжээг дэмжсэн залуус 350 гэсэн дүрсийг хийж зургаа авуулсан билээ.

     Бидний энэхүү арга хэмжээг дэмжиж ажилласан МБОИЗ, Скаутын холбоо, Зориг сангийн дэргэдэх EFP хөтөлбөрийн залуустаа талархал илэрхийлье.
Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн дуу хоолойгоо нэгтгэсэн, цаашид хамтран ажиллах сонирхолтой бүх хүмүүст амжилт хүсье.

Өөрчлөлтийг өөрөөсөө. Уур амьсгалын эсрэг хамтдаа.

Холбоотой зурагнуудыг үзнэ үү. :-)

 




Monday, August 29, 2011

Завхан аймагт Ногоон давалгаа клубын үйл ажиллагаа зохион байгуулагдаж эхэллээ

Завхан аймагт "Ногоон давалгаа" клубын үйл ажиллагаа идэвхитэй зохион байгуулагдаж эхэллээ. Ногоон давалгаа клубын гишүүн Мөнхтуяа өөрийн санаачлагаар Завхан аймгийн 12 жилийн сургуулийн сурагчдад байгаль экологийн боловсрол олгох, оршин суугаа орон нутгийнхаа байгалийг хайрлах, хамгаалах, хог хаягдал хаяхгүй байхыг уриалж, уур амьсгалын өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, усны хомсдол, цөлжилтийн эсрэг өсвөр үеийн хүүхдүүд  хэрхэн санаачлагатай оролцох талаар сургалтыг хийж эхлээд байна.

Мөнхтуяадаа амжилт хүсье.

Thursday, August 11, 2011

Бидний тухай үйл ажиллагааны товч


Хүүхдийн “Нарлаг” зусланд байгаль орчны талаар хичээл заалаа


“Ногоон давалгаа” клуб нь байгаль экологийн боловсролыг өсвөр үе залуучуудад олгох, байгаль орчны зохисгүй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан дэлхий дахин болон тэр дундаа Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлын талаар өсвөр үеийнхэнд байгаль орчны талаарх үнэн зөв мэдлэг, мэдээллийг хүргэхийг зорьдог билээ. Өсвөр үеийнхний оролцоонд тулгуурлан байгаль орчныг хайрлах, хамгаалах сэдлийг төрүүлэх, өсвөр үеийн хүүхдүүд өөрсдөө санал санаачлага гарган сэтгэн бодож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулж, түүнийг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор 2010 оноос хойш “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа” аяныг өрнүүлэн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Бид  энэ удаагийн зуны сургалтаа хүүхдийн “Нарлаг” зусланд 2011 оны 8 дугаарын 11-ны өдөр өсвөр үеийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох сургалтыг амжилттай зохион байгуулаад ирлээ. Уг сургалтыг гурван сэдвийн хүрээнд зааж, гурван өөр арга барил буюу өртөөчилсөн байдлаар хичээлийг сонирхолтойгоор хүүхдүүдийн оролцоонд тулгуурлан зааж явуулав.
Сургалтанд нийт “Нарлаг” зусланд амарч буй 14-17 насны өсвөр насны 80 гаруй хүүхдүүд гурван бүлэгт хуваагдан өөрсдийн оюун бодол, ур чадвар, авхаалж самбаа, аз золыг уралдуулан идэвхитэй оролцлоо.
Зуны сургалтыг дараах сэдвийн хүрээнд зааж явууллаа.
Үүнд:
·         Уур амьсгалын өөрчлөлт - Б.Энхмөнх
·         Ой, биологийн төрөл зүйл - Г.Уянга, Норовбанзад
·         Усны бохирдол - Б.Энхмарал, Гандолгор нар хичээлийг удирдан зохион байгуулан заав.
Өмнөх жилүүдэд бид Олон Улсын “Найрамдал” төв, Хүүхдийн асран хамгаалах төвийн “Хараацай” зуслангуудад зааж байсан туршлага дээрээ тулгуурлан өртөөчилсөн байдлаар заасан нь үр дүнтэй болж байгаа батлагдлаа.
Хүүхдүүдийн зүгээс устган үгүй болж байгаа гол горхи, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид ямар үр ашигтай зүйлийг хийх хэрэгтэй талаар зөвлөлдөн гэрэл цахилгаан, зурагтаа шаардлагагүй үед унтрааж байх, цаасан тор хэрэглэх, машины хэрэглээгээ багасган унадаг дугуй унах, сүүн гэрэл хэрэглэх, шахмал түлш, аргал түлэх, амаа угаахдаа бага ус хэрэглэж байх, ой модоо хамгаалах, мод тариад түүнийгээ асран хамгаалж, услаж байх, өөрсдийн үр ашиггүй хэрэглээг багасгах гэх мэт амьдралд ойр алхам тутамдаа хэрэгжүүлж болох саналыг гаргаж, өөрсдөө хог хаягдал хаяхгүй байхыг бусаддаа уриаллаа.  Дашрамд дурдахад сургалтын дундуур цайны завсарлага болоход нэг ч хүүхэд хогоо энэ тэнд хаялгүй, бүгд хогийн уутанд хийж байсан нь хүүхдүүдийн ухамсар хэрхэн сайжирсан байгааг илтгэж буй нь тодорхой байна.

Мөн бидний байнгийн хэрэглэдэг ус бохирдвол бидэнд ямар их аюул, мөхөл хүлээж байгааг ойлгон ухамсарлаж өөрсдийн гараар туршилт хийж үзэн усыг ариг гамтай хэрэглэх, түүнийг бохирдуулахгүйн тулд хамгаалах, усруу хог хаяхгүй байхыг ойлгож байгаагаа санал нэгтэй ярилцаж байлаа. Сургалтын үеэр нэг хүүхэд найз нөхөддөө хандан “Ус есөн эрдэнийн тоонд ороогүй ч гэсэн амьдралыг тэтгэгж чадмань-эрдэнэ. Бид усгүйгээр 2 хоног ч байж чадахгүй, бидний ирээдүй алсын Африк тивийн хатаж, харангадаж үхэх гэж буй хүмүүстэй адил биш” тиймээс найзуудаа усыг өөрийн амь нас шигээ хайрлах нь зүйтээ гэсэн үнэн бөгөөд гайхамшигтай уриалгыг гаргаж байсан нь тэнд байсан нөхдийгөө сэргээсэн, ухаарал хайрласан үгийг хэлсэн билээ.
 
Жил бүр “Ногоон давалгаа” клубын залуус зохион байгуулдаг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг” зуны энэ удаагийн сургалт их үр дүнтэй болсон гэдэгт итгэж байна. Сургалтыг танхимын нойр хүрсэн, нозоорсон байдлаар бус хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоон дээр тулгуурлан тэдний санаа бодлыг сонссон, өөрсдөөр нь туршилт хийлгэж, уралдуулан, өрсөлдүүлж байсан тэдэнд их сонирхолтой байсан нь илт харагдаж байв. Бидэнтэй нэгдэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, өсвөр үе, залуучуудыг байгалиа хамгаалахад уриалах, өөрөө идэвх зүтгэл гарган ажиллахаа илтгэн зарим хүүхдүүд бидний эгнээнд нэгдэн орж гишүүн болсон нь сургалтыг зохион байгуулсан бидний хувьд улам их урам зоригийг хайрласан билээ.
Бидний энэхүү үйл ажиллагааг дэмжиж “Монгол-Германы Гүүр” ТББ, Германы техникийн хамтын ажиллагааны “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл“ хөтөлбөрийн хамт олон дэмжин ажиллаа.

Friday, June 10, 2011

Дэлхийн байгаль хамгаалах өдөр

        Дэлхийн байгаль хамгаалах өдөр жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдөр болдог билээ. Энэ өдрийг “Ногоон давалгаа” клуб, “Ногоон хонх” ТББ-ын залуус хамтран Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хангадаг “Туул” голын эрэг дагуу амралт зугаалга, чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа иргэдэд хог хаяхгүй байхыг уриалан “БИ ХОГ ХАЯДАГГҮЙ ХҮН”, “БИ МОД ТАРЬДАГ ХҮН” гэсэн брошур тарааж байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, эрүүл хоггүй орчинд аж төрөх сэдлийг төрүүлэх үүднээс нэг өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
       Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр л хүмүүс  байгаль эх дэлхийгээ ганцхан өдөр хайрлах бус үлдсэн бүх өдрүүдэд мөн хайрлах, хамгаалах, нөөц баялагийг нь зүй зохистой хэрэглэж, ашиглахыг зөвлөсөн бөгөөд голын эрэг, хөвөөг даган хөглөрөх хог хаягдлыг сайн дураараа түүж, бусдад хог хаяхгүй байхыг уриалахыг л энэ өдөр бидний хэсэг залуус зорилгоо болгон ажилласан билээ. Энэхүү ажил маань хүмүүсийг албан шахалтаар хог цэвэрлэх бус хүмүүсийн сэтгэхүйд л хог хаягдлаа хаяхгүй байхыг анхааруулсан өдөр байсан юм.
 
      Энэ өдөр нийт 12 залуус сайн дурын энэхүү ажлыг хийсэн билээ.