Wednesday, April 13, 2011

Усны нөөцийн хомсдол


 “Хүрээлэн буй орчноо хамгаалахад миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны 3-р байрын шагналт. МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Эрх зүйн 5-3 ангийн оюутан Ц.Ууганцэцэг

Хүмүүс бид эхийн хэвлийд нэгэн биеийг олсон цагаас усан дотор бойжиж, хорвоод мэндэлсэн үеэс дэлхий эхийн гар дээр өсч торнихдоо усаар ундаалан нэгэн насыг бардаг амьтан. Эндээс бид ус хэмээх амин эрдэнийн ач холбогдлыг тоочин жагсаалгүйгээр ойлгож болно. 
       Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй байгалийн өөрчлөлтийн нэг бол хүн бүрийн хэрэгцээгээ хангах, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг бүтээх гэсэн нийтлэг ашиг сонирхол бүхий хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан байгалийн нөөцийн тэр дундаа усны нөөцийн хомсдол гэдгийг хэн хүнгүй нүдээр харж, биеэр мэдэрч байгаа. Үүний илрэл нь сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа дулаарлаас хамааран далай тэнгисийн усны температур нэмэгдэн далайн шуурга болж, усны ууршилтаар эрэг хавийн газраар аадар бороо орон үерийн аюул нүүрэлж харин эх газрын хэвлий, хөрсний температур ихэссэхэээр хөрсний чийг хатаж, гол горхи ширгэх, цөлжилт, хуурайшилт ихээхэн эрчимтэй явагдах зүй тогтол ажиглагдах болсон явдал юм. Нөгөөтэйгүүр хүн амын түргэн өсөлт, эдийн засгийн хурдацтай хөгжил, байгалийн баялгийн хэрэгцээ, ашиглалт ихэссэнээс дэлхийн олон улс орон усаар гачигдаж улмаар хөгжлийг нь саатуулах хязгаарлах хүчин зүйл болж, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил, хүн ардын ахуй амьдрал, амьжиргааны түвшин нь усны нөөцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэснээр тодорхойлогдох болсон.
        Хүн өөрийн дуусашгүй хэрэгцээгээ хангахын тулд гар дээр нь бойжиж буй дэлхий эхийнхээ нөөц баялгаас авдаг. Ийнхүү авахдаа хүн өөрийн бүтээл болох эрх зүй, хууль болон байгаль эхийн өөрийнх нь хуульд захирагдах учиртайг мэддэг атлаа үүнийг хүсдэггүй.
        Монгол улсын Үндсэн хуульд “Монгол улсын газар түүний хэвлий, ой, ус амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна” гэж заасан нь ус, усны нөөцийн өмчлөлийн асуудлыг тодорхойлоод  зогсохгүй байгалийн энэхүү баялгыг гагцхүү хуулиар олгогдсон эрхийн хүрээнд төрийн зохих байгууллагын хяналт дор ашиглах эрх зүйн үндсийг тодорхойлж өгсөн юм. Манай улсын хувьд усны хязгаарлагдмал нөөцтэй бөгөөд усны нөөцийн тархалт харилцан адилгүй, нийт усны нөөцийн 80 хувийг гадаргын ус, үлдсэн 20 хувийг газрын доорх ус эзэлдэг. Сүүлийн үед манай орны байгаль орчинд нүүрлээд байгаа байгаа хуурайшил, ган гачиг, газрын доройтол, цөлжилт, ой, усны нөөц, биологийн төрөл зүйлийн хомсдол, байгалийн гамшгууд нь ихэвчлэн усны нөөцийн зохисгүй ашиглалт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байна.
        Харин усны нөөцийн зохисгүй ашиглалтанд хэний, ямар оролцоо байгааг амьдралыг тэтгэгч амин эрдэнийг хэрэглэгч байгалийн амьтан болохынхоо хувьд бас хуульч хэмээх өндөр хариуцлагатай мэргэжлийг эзэмшиж буй оюутан хүний нүдээр тодорхойлохыг хичээлээ.      
2010 оны 03 сарын 16-ны өдрөөс оюутны байранд амьдрахаар болж, тэр өдрөө усны өрөө рүү ороход урд талын эгнэсэн 4 крантны хаалган талаас 2 дахь крантаас ус гоожиж байв. Хэн нэгэн нь усаа хаахааа мартаж дээ хэмээн бодож крантыг хаах гэтэл крант эргэсэнгүй. Говьд төрсөн хүнийхээ хувьд ч тэр, би ус хэрэглэснийхээ төлөө татвар төлдгийнхөө хувьд ч тэр ашиглагдахгүйгээр урсаж буй усыг хараад харамсах бас бухимдах сэтгэл төрж байв. Тэр өдрөөс хойш 14 хоног өнгөрч, усны өрөө рүү орох бүр өнөө л крантнаас гоожих усны чимээ сонсогдсоор. 2010 оны 03 сарын 30-ны өглөө цаг, хэмжүүрийн сав барьсаар усны өрөө руу орж 1 минутанд гоожсон усыг хэмжихэд 1,41 литр болов. Байранд ирээд 14 хоносон энэ хугацаанд хэдэн литр ус юунд ч ашиглагдалгүй урссаныг бодож үзвэл:      1мин  - 1,41л
1хоног=1440мин – х             =2030,4л=2,0304тн /1хоногт урссан усны хэмжээ/
14хоног=20160мин - х          =28425,6л=28,4256тн /14 хоногт урссан усны хэмжээ /
       Харин өдөр бүр 2тн гаруй ус ямарч ашиглалтгүй урсаж буй энэ үйл явцыг үгүй болгохын тулд би юу хийх боломжтой вэ?
1.Шинэ крант худалдаж авч хэн нэгнээр угсруулах. Би сард цахилгааны төлбөрөөс гадна 150,000төгрөг байрны төлбөрт төлдөг. Энэ төлбөр хуулиар тогтоосон ус ашигласны төлбөр, байрны эвдэрч гэмтсэн эд хогшил засах гэх мэт байрны засвар үйлчилгээнд зарцуулагдах учиртай. Гэтэл би хэн нэгэн албан тушаалтны хийх ажлыг урьдаас нь хийхийг хүссэнгүй.
2.Нэгэнтээ би крантыг засахыг хүсэхгүй байгаа учраас крантыг засахыг холбогдох этгээдэд хэлэх. Байрныхаа жижүүрт дээрх болсон үйл явдлыг хэллээ.
Маргааш өглөө нь усны өрөө рүү явах замд хоосон сав барьсан бухимдангуй хүмүүс зөрж байв. Усны өрөө рүү ортол ус гоожих дуу сонсогдсонгүй, аль ч крантнаас ус гарсангүй. Энэ үед нэг л өдөр ингээд усгүй болчихвол дэлхий хоосон сав барьсан бухимдангуй хүнтэй адил амьтдаар дүүрч, хэсэг хугацааны дараа усны өрөө шиг нам гүм болох байх даа гэсэн бодол орж ирж байлаа. Гэтэл сантехникч орж ирээд ус хаасан, крант сольж байгаа гэв.
Өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр уул уурхайн болон арьс ширний үйлдвэрүүд бохир усаа гол мөрөн рүү цутгаснаас ус бохирдож, нөөц нь хомсдож байна гэж ярьж бичихийг хараад бид цухалдан уурладаг. Үнэн хэрэгтээ бид хоногт 2тн гаруй ус ямарч ашиглалтгүйгээр урсгаснаар экологийн өөрчлөлтөнд нөлөөлж буй усны нөөцийн хомсдолд томоохон үүрэг гүйцэтгэгчээр оролцож байгаагаа мэддэггүй ч юм уу, мэдсэн ч тоодоггүй юм уу, ямартаа өөрсдийн эс үйлдэхүйг хамгийн энгийн үзэгдэл болгон хувиргасан байх юм /монголчууд бид өөрийнхөө толгой дээрхийг хараагүй байж бусдын толгой дээрхийг харж ярьдаг улс юм/.
       Хүн адгуусаас оюун ухаан, сэтгэн бодох, хөдөлмөрлөх чадвараараа ялгардаг боловч байгаль дэлхийнхээ нөмөр нөөлгөнд багтаж, түүний хуулинд захирагддаг. Энэ язгуур шинжээрээ ч бид Монгол улсын үндсэн хуулиар “...байгаль орчноо хамгаалах” журамт үүрэг хүлээсэн. Иймээс байгалийн болоод хэм хэмжээчилсэн байдлаараа байгаль экологийн аливаа асуудалд хамааралгүй хэн нэгэн хүн байхгүй бөгөөд энэ талаарх бүхий л асуудалд хүн бүр анхаарал хандууулж оролцох ёстой. Монголчуудын хувьд байгаль экологийн асуудал нь төрийн албан тушаалтан, эрх бүхий этгээдэд хамаатай, тэднийн хийх ажил хэмээн сэтгэж,  юу хийхийг нь хүлээж суудаг бүр хийсэн зүйлийг нь хоногийн дотор хулгайлж, эвдэж дуусгадаг зантай улс. Түүнчлэн бид хувь хүн болохынхоо хувьд байгаль экологийн аливаа асуудалд оролцох оролцоо гэдгийг нийтийг хамарсан цэвэрлэгээ, мод тарих хэмээн явцуу хүрээнд ойлгодог. Тэгвэл оролцоо гэдгийг “Хөгжлийн асуудлаар үнэлгээ хийх, шийдвэр гаргах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт мониторинг хийх үйл явцуудын үе шатуудад оролцогч талууд тодорхой үүрэг гүйцэтгэн хариуцлага хүлээж тэгш эрхтэй хамтран ажиллахыг ойлгоно” гэж тодорхойлдог байна.
        Ер нь одоо дагаж мөрдөж буй хууль эрх зүйн актууд нь өөр хоорондоо зөрчилтэй, усны асуудал эрхэлсэн холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, усыг хэрэглэх ашиглах, бохир ус цэвэрлэх, усны нөөцийн ашиглалтанд хяналт тавих зэрэг ажлууд нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаардлагад нийцэхгүй байгаа. Иймээс дээрх асуудлуудыг боловсронгуй болгохоос гадна хүмүүсийн экологийн асуудалд оролцох хандлагыг уламжлалт зан заншлын ухамсар дээр түшиглэн төлөвшүүлэх шаардлагатай юм.
        Энэ бүхний эцэст өдөрт 2тн ус урсдаг 1ч гэсэн крантын талаар холбогдох хүнд нь хэлсэн миний үйлдэл, цаашид энэ чиглэлээр мэргэжлийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийх, зуслангийн багшаар ажилладгийнхаа хувьд амрагч хүүхдүүддээ экологийн асуудлаар багаас нь зөв хандлага төлөвшүүлэх зорилго бүхий байгаль экологийн сургалт явуулах зэрэг маань хүрээлэн буй орчноо хамгаалсан бас хамгаалах миний оролцоо юм.

Saturday, April 9, 2011

“Ногоон давалгаа” клубын танилцуулга


Ногоон давалгаа клуб нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нийгэмд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, байгальд ээлтэй үйлийг хэвшүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн залуучуудын үүсгэл санаачлагын клуб билээ.
Манай клубын албан ёсны үйл ажиллагаа 2010 оны 10 дугаар сарын 9-ны өдөр бүх гишүүдийн хурлыг хийж Удирдах зөвлөл, Удирдах зөвлөлийн даргыг сонгосноор эхэлсэн.
Клубын үйл ажиллагааны чиглэл нь дангаараа болон бусад байгууллагуудтай хамтран гишүүдийнхээ байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэн, гишүүдээрээ дамжуулж нийгэмд энэ мэдлэг, мэдээллээ түгээн дэлгэрүүлэхэд оршдог.

Тус клубын үйл ажиллагаа нь Монгол-Германы Гүүр ТББ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл” хөтөлбөр, Ногоон давалгаа клуб хамтран хэрэгжүүлж буй “Залуусын байгаль орчны боловсролыг дэмжих” төслийн хүрээнд одоогоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна.

Бид өнгөрсөн 2010 оны 08 дугаар сард өсвөр үеийнхний байгаль экологийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд экологийн боловсрол олгох зорилгоор Олон Улсын “Найрамдал” төв, Монгол Улсын хүүхдийн асрамжийн “Хараацай” зуслангуудад зуны сургалтыг “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хог хаягдал”, “Цөлжилт”, “Ус бол амьдрал” сэдвийн хүрээнд хийсэн. 
 Найрамдал зуслан дээр хичээл заав.


 Найрамдал зуслан
 Хараацай зуслангийн хичээл. Б.Гончигсумлаа

 Сургагч багш Г.Уянга