Monday, August 29, 2011

Завхан аймагт Ногоон давалгаа клубын үйл ажиллагаа зохион байгуулагдаж эхэллээ

Завхан аймагт "Ногоон давалгаа" клубын үйл ажиллагаа идэвхитэй зохион байгуулагдаж эхэллээ. Ногоон давалгаа клубын гишүүн Мөнхтуяа өөрийн санаачлагаар Завхан аймгийн 12 жилийн сургуулийн сурагчдад байгаль экологийн боловсрол олгох, оршин суугаа орон нутгийнхаа байгалийг хайрлах, хамгаалах, хог хаягдал хаяхгүй байхыг уриалж, уур амьсгалын өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, усны хомсдол, цөлжилтийн эсрэг өсвөр үеийн хүүхдүүд  хэрхэн санаачлагатай оролцох талаар сургалтыг хийж эхлээд байна.

Мөнхтуяадаа амжилт хүсье.

Thursday, August 11, 2011

Бидний тухай үйл ажиллагааны товч


Хүүхдийн “Нарлаг” зусланд байгаль орчны талаар хичээл заалаа


“Ногоон давалгаа” клуб нь байгаль экологийн боловсролыг өсвөр үе залуучуудад олгох, байгаль орчны зохисгүй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан дэлхий дахин болон тэр дундаа Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлын талаар өсвөр үеийнхэнд байгаль орчны талаарх үнэн зөв мэдлэг, мэдээллийг хүргэхийг зорьдог билээ. Өсвөр үеийнхний оролцоонд тулгуурлан байгаль орчныг хайрлах, хамгаалах сэдлийг төрүүлэх, өсвөр үеийн хүүхдүүд өөрсдөө санал санаачлага гарган сэтгэн бодож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулж, түүнийг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор 2010 оноос хойш “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа” аяныг өрнүүлэн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Бид  энэ удаагийн зуны сургалтаа хүүхдийн “Нарлаг” зусланд 2011 оны 8 дугаарын 11-ны өдөр өсвөр үеийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох сургалтыг амжилттай зохион байгуулаад ирлээ. Уг сургалтыг гурван сэдвийн хүрээнд зааж, гурван өөр арга барил буюу өртөөчилсөн байдлаар хичээлийг сонирхолтойгоор хүүхдүүдийн оролцоонд тулгуурлан зааж явуулав.
Сургалтанд нийт “Нарлаг” зусланд амарч буй 14-17 насны өсвөр насны 80 гаруй хүүхдүүд гурван бүлэгт хуваагдан өөрсдийн оюун бодол, ур чадвар, авхаалж самбаа, аз золыг уралдуулан идэвхитэй оролцлоо.
Зуны сургалтыг дараах сэдвийн хүрээнд зааж явууллаа.
Үүнд:
·         Уур амьсгалын өөрчлөлт - Б.Энхмөнх
·         Ой, биологийн төрөл зүйл - Г.Уянга, Норовбанзад
·         Усны бохирдол - Б.Энхмарал, Гандолгор нар хичээлийг удирдан зохион байгуулан заав.
Өмнөх жилүүдэд бид Олон Улсын “Найрамдал” төв, Хүүхдийн асран хамгаалах төвийн “Хараацай” зуслангуудад зааж байсан туршлага дээрээ тулгуурлан өртөөчилсөн байдлаар заасан нь үр дүнтэй болж байгаа батлагдлаа.
Хүүхдүүдийн зүгээс устган үгүй болж байгаа гол горхи, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид ямар үр ашигтай зүйлийг хийх хэрэгтэй талаар зөвлөлдөн гэрэл цахилгаан, зурагтаа шаардлагагүй үед унтрааж байх, цаасан тор хэрэглэх, машины хэрэглээгээ багасган унадаг дугуй унах, сүүн гэрэл хэрэглэх, шахмал түлш, аргал түлэх, амаа угаахдаа бага ус хэрэглэж байх, ой модоо хамгаалах, мод тариад түүнийгээ асран хамгаалж, услаж байх, өөрсдийн үр ашиггүй хэрэглээг багасгах гэх мэт амьдралд ойр алхам тутамдаа хэрэгжүүлж болох саналыг гаргаж, өөрсдөө хог хаягдал хаяхгүй байхыг бусаддаа уриаллаа.  Дашрамд дурдахад сургалтын дундуур цайны завсарлага болоход нэг ч хүүхэд хогоо энэ тэнд хаялгүй, бүгд хогийн уутанд хийж байсан нь хүүхдүүдийн ухамсар хэрхэн сайжирсан байгааг илтгэж буй нь тодорхой байна.

Мөн бидний байнгийн хэрэглэдэг ус бохирдвол бидэнд ямар их аюул, мөхөл хүлээж байгааг ойлгон ухамсарлаж өөрсдийн гараар туршилт хийж үзэн усыг ариг гамтай хэрэглэх, түүнийг бохирдуулахгүйн тулд хамгаалах, усруу хог хаяхгүй байхыг ойлгож байгаагаа санал нэгтэй ярилцаж байлаа. Сургалтын үеэр нэг хүүхэд найз нөхөддөө хандан “Ус есөн эрдэнийн тоонд ороогүй ч гэсэн амьдралыг тэтгэгж чадмань-эрдэнэ. Бид усгүйгээр 2 хоног ч байж чадахгүй, бидний ирээдүй алсын Африк тивийн хатаж, харангадаж үхэх гэж буй хүмүүстэй адил биш” тиймээс найзуудаа усыг өөрийн амь нас шигээ хайрлах нь зүйтээ гэсэн үнэн бөгөөд гайхамшигтай уриалгыг гаргаж байсан нь тэнд байсан нөхдийгөө сэргээсэн, ухаарал хайрласан үгийг хэлсэн билээ.
 
Жил бүр “Ногоон давалгаа” клубын залуус зохион байгуулдаг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг” зуны энэ удаагийн сургалт их үр дүнтэй болсон гэдэгт итгэж байна. Сургалтыг танхимын нойр хүрсэн, нозоорсон байдлаар бус хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоон дээр тулгуурлан тэдний санаа бодлыг сонссон, өөрсдөөр нь туршилт хийлгэж, уралдуулан, өрсөлдүүлж байсан тэдэнд их сонирхолтой байсан нь илт харагдаж байв. Бидэнтэй нэгдэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, өсвөр үе, залуучуудыг байгалиа хамгаалахад уриалах, өөрөө идэвх зүтгэл гарган ажиллахаа илтгэн зарим хүүхдүүд бидний эгнээнд нэгдэн орж гишүүн болсон нь сургалтыг зохион байгуулсан бидний хувьд улам их урам зоригийг хайрласан билээ.
Бидний энэхүү үйл ажиллагааг дэмжиж “Монгол-Германы Гүүр” ТББ, Германы техникийн хамтын ажиллагааны “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл“ хөтөлбөрийн хамт олон дэмжин ажиллаа.